Friday, December 17, 2010

Яаралтай үйлчилгээний хөлс=би завгүй байна



Саяхан иргэний үнэмлэхээ солиулах санаатай нийслэлийн иргэний бүртгэлийн газар орвоо. Хөл гишгих зайгүй газар 2 цаг хиртээ хүлээлээ. Гэтэл дараалал дайрна гэдэг зүйл жинхэнэ утгаараа тэнд болжийно. Алий эгч нь урьд нь энд байсан юм..,нэг юм өгчөөд л гарна..,ганцхан юм асуугаад л болоо.., холдоочээ!!!..,хүн орох гэж байгааг харахгүй байна уу би ажилтан нь байна гэж ирээд л хажуудаа өөр нэг хүн дагуулаад л орж байгаан.
Тэгээд нэг орчихоороо гарна гэж байхгүй, данхтай цай дундаа тавиад чалчиж байгаа чавганц нар шиг яриад л, инээгээд л...хүүшээ тэр нээрээ тэгсэн гэсэн сонссон уу ч гэх шиг. Мань мэт нь араас нь гарах болоогүй юу гэсэн нүдээр харан хаалга онгойлговол...цаанаа хүлээж бай...энд завгүй байгааг харахгүй байна уу хэмээн өөдөөс уцаарлана. Ажлын 9н цагийг ямар сайхан үр бүтээлтэй өнгөрөөж байгааг нь харахад өөрийн эрхгүй нэмэгдэл цаг гэж байдаг бол тэрнийх нь цалинг харамгүй тооцож өгмөөр санагдсан.
Дараалал дайрах асуудал бүр хаа сайгүй. Хэн хэлтэй амтай, хэлэмгий доломгой, чадвартай чансаатай нь хурдан ажлаа амжуулчаад дараагийнхаа ажил руугаа яаран алхална. Хүний өөдөөс юм хэлж чадахгүй нэг нь хэзээ ирэх нь тодорхойгүй ээлжээ хүлээн албан конторын хаалга сахиад хоцордог нь хууль мэт болжээ.
Одоо үед ард түмэн шиг завтай хүмүүс байхгүй гэдэг нь хэд хэдэн зүйл дээр нотлогдож байна. ард түмэн бол туйлын тэвчээртэй. Халуунд халж хүйтэнд хөрж байвч ганц үг ган хийхгүй. Харин төрийн албан хаагчид бол хорвоо дэлхий дээрх хамгийн завгүй хүмүүс гэлтэй. Хажуугаараа яваа хүмүүсийг дайрчих шахан албан өрөөний хаалгыг нааш цааш нь савчуулна. Хэдий тийм завгүй мэт байвч хийж байгаа зүйлс нь гараас гардаггүй нь хачирхалтай.
Ард түмэн буюу би, та, бид бүгдээрээ албан хаагчдыг хоорондоо марзганахыг нь харан дуугүй л оочероо хүлээн хөлсөө гоожуулан зогсоцгоодог.
Өнгөрсөн зун иргэний шинэчилсэн бүртгэл явагдах сургаар бичиг баримтын зөрчилтэй иргэд 100н айл дахь Улсын иргэний бүртгэл мэдээллийн газар луу төрсний гэрчилгээний лавлагаа гэгчийг авахаар хүссэн хүсээгүй явахаас өөр аргагүй болсон. Дургүй бол яахав 70000-аа авч чадахгүй болчих гээд байсан тул 2 хөл өөрийн эрхгүй тийш хөтөлж аваачлаа. /гүү одоо тэгээд яахав дээ бүх хүн аваад байхад би ганцаараа улсдаа хөрөнгө оруулж байгаа нь энэ гээд авахгүй байлтай биш. Тэглээ ч би авдаггүй юмаа гэхэд миний нэрээр банкны ажилтан нь байдыму эсвэл өөр нэгэн үл таних этгээд авчих л юм чинь/
Зиа тэгээд очоод хартал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэдэн зуун хүний урт дараалал. 70000-аа авахыг хүссэн хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөцгөөж байгааг нь харахад ард түмний амьдрал ямар хэцүү болсон нь ойлгомжтой. Хэдэн цаг урт дараалалд зогсож, халуунд халж бороонд норсны эцэст өнөөх гайхлаа авч чадсан. Энэ хооронд үймээнийг дагаад худалдаа наймаа эрхэлдэг хэсэг бүлэг нөхдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдэж байгааг хараад сайн яваа нэгэндээ атаархаад ч яахав гэж бодоод зогсож байлаа. Үзэг бал, хоол унд, зонтик гээд байхгүй юм тэнд алгаа. Дараалал дайрч орох эрх бүхий номер зарагдаж үнэ нь хаданд гарч байв. 100-аад хүний дараа орох нь 5000-8000, 200 хүний дараа орох номер нь 2000-3000 төгрөг гэх мэт тогтоосон ханш хүртэл байна лээ. Мөнгөгүй хүмүүс бол хүлээхээс өөр аргагүй. Энэ бүхнээс харахад аливаа том бизнесээ дагаад жижиг бизнес нь цэцэглээд зүгээр ч юм уу гэж бодогдсон. Ядаж л иймэрхүү хөл үймээнийг дагаад ядарсан нэг нь хоногийн хоолтой болж байна шд.    
Ард түмнээ ядуурлаас гаргах, өрхийн шинэ орлоготой болгох гэсэн төрийн энэ зөв бодлогыг буруушаах хүн байхгүй биз. Зөвөө зөв. Энэ мэт урт дараалал үүсгэн бидэнд мөнгө олох боломж өгч байгаа нь түмнээ ядуурлаас гаргах мөрийн хөтөлбөрийнх нь биелэлтүүдийнх нь нэг билээ. Арай ч ард олон биднийгээ мартаагүй байгаад нь талархууштай.
Бид төрийн аль нэг байгууллагаар орж ажил амжуулахдаа за чи энийг хөөцөлд, би энэ асуудлыг хөөцөлдөе...өнөөдөртөө бараг тэндээ хүлээсээр байгаад таарах байх. Харин ирэх замаараа тэрүүгээр дайраад гаръя гэх жишээтэй ярилцаж, хөдөлмөрийн хуваарь, хөөцөлдөж, хүлээх ажлаа яв цав тохирдог. /Ингэж гэрээсээ гарахдаа өнөө цайны цаг нь битгий таарчаасай хэмээн залбирна./
Энэ ч гэсэн манай төрөөс явуулж буй “Ард түмнээ арчаатай, хариуцлагатай, хүлээцтэй, хөдөлмөрийн нарийн хуваарийг чанд сахидаг ажил хэрэгч иргэд болгон төлөвшүүлэх” мөрийн хөтөлбөр нь юм. Үүнийг ч бид буруушаах аргагүй.
Ажлын 9н цаг тэр чигээрээ буу халалтын цаг бөгөөд албан хаагчид дээгүүр харж маасайн, доогуур харж юм бичицгээдэг.
Тэр хооронд овог нэр андуурах, үг үсэг дутаах, регистрийн дугаар сольж бичих бол энүүхэнд. Харамсалтай нь тэдний андуурч бичсэн нэг үсэг, үг бидний амьдралын нэгээс илүү өдрийн ажил болдог гэдгийг тэд мэдэхгүй.
Хүнд суртал хаа сайгүй хэсүүчилсээр...
Тэд цайны цаг нь таарсан эсвэл ажлын цаг нь дууссан л бол юу ч хэлээд нэмэргүй, ямар ч найраа байхгүй гараад л явна. Таны тэндээ хэдэн цаг өөрсдийг нь хүлээн зогссон нь тэдэнд сонин биш.
Үнэхээр яарч байна...аминд тулсан хэрэг гараад байна...гэж байсан ч хамаагүй тэдний хувьд та 24-н цагийн завтай хийх ажилгүй хаалга сахигч.
Тэдэнд завгүй байгаагаа нотлох цорын ганц зүйл бол мөнгө.
Жишээ дурдахад: Иргэний үнэмлэх захиалахад жирийн үед бүтэн сарын дараа гардаг. Аа харин яаралтайгаар гаргуулахад 10000 төгрөг нэмж төлөөд ажлын 5н өдөрт авах боломжтой. Яаралтайн төлбөрөө хийсэн үед л 2 нүд нь нэг муухан юм харахтайгаа болж, таныг яасан их яаруу явж байгааг анзаарч, хөдөлгөөн нь хурдсаж, яравгар царайд нь ялимгүй инээмсэглэл тодорно.
Эмнэлэгт ч гэсэн ялгаагүй яаралтай шинжилгээний, үзлэгийн төлбөр төлж номер авах нь таныг үнэхээр өвдсөн, үхэх гэж байгаагийн баталгаа болж байдаг гэхэд хилсдэхгүй.
Яаралтайн төлбөрийг хийсэн л бол Өө та чинь үнэхээр их өвдөж зовсон хүн байна...ийм болтлоо хаагуур явж байгаад ирж байгаа юм хэмээн гайхширч, өнөө маргаашгүй хагалгаанд ор гэх буюу таны шинжилгээний хариу 2 хоногийн дараа биш 2 цагийн дараа гарна гэнэ.
Мөнгө гэдэг үнэхээр хүчтэй юм даа. Яаралтай үйлчилгээний хөлс нь манай улсын болоод хувийн хэвшлийн бүх байгууллагуудад үндсэн үйлчилгээнийх нь нэг мэт болсон байгаа нь хүнд суртал хаа ч байгааг харуулж байна. Мөнгөтэй хүнд нь л үйлчилдэг болсон өнөө үед мөнгөгүй бол хамгийн завтай хүн мөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд дуугүй хүлээхээс өөр аргагүй болжээ.
Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? хамгийн түрүүнд авч явуулах арга хэмжээ нь нэгэнт л оочер дараалал болсон их ажлыг төрийн зүгээс зохион байгуулах гэж байгаа бол тухайн өдрийнхөө өмнөх өдөр нь тэнд тийм оочер дараалал үүсэх тул сонирхсон ард түмэн, халаасны хулгайчид болоод жижиг худалдаа, бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж өргөнөөр оролцон ашиг орлогоо нэмэгдүүлнэ үү гэх утгатай зарыг мэдээллийн бүх хэрэгслүүдээр цацаж баймаар санагдана. Ижилхэн л баяжмаар байна шд. Бусдаас юугаар дутахав.
Эсвэл тэр төр засгаас хүний хөгжлийн сангийн хуулиндаа боловсрол, эрүүл мэнд, ниймгийн даатгалаас гадна яаралтай үйлчилгээний төлбөртөө хувь хишгээ ашиглах боломжийг тусгамаар ч юм шиг. Бид хэзээд хүнд суртлын төлөө мөнгө төлсөөр ирсэн. Тэрийгээ бид бэлнээр хийдэг. Харин энэ хуулийн төлбөр хийх зориулалтад тусгаж өгвөл бид дансаар шилжүүлэг хийдэг болж нэг шат ахих болно. Болжийноо болжийно. Хөгжил гэдэг сайхаан. Нийгэм хурдацтай хөгжиж байна, техник технологи ч түүнийг дагаад хөгжинө. Хөгжөөд ирэхийн цагт бид хүний хөгжлийн дансаар биш зээлийн картаар яаралтай үйлчилгээний төлбөрийг хийдэг болох ч юм билүү...харин тэр цагт төрийн албан хаагчид их дэлгүүрийн кассан дээр байдаг шиг зээлийн карт уншигч урдаа тавьчихаад ард түмэн бидэндээ түргэн шуурхай үйлчилгээг утгаар нь үзүүлдэг болох бизээ. 
                                                                  Ерөөл бат оршиг!

1 comment:

  1. oochiroo gej...
    gehdee adilhan uzej taraachee
    ygd iim hultsengui yum be

    ReplyDelete